Шведиэс гуйлгачин ирээд Монголын гүн болсон нь буюу Франц Август Ларсоны түүх

Август Ларсон нь 1870 онд Шведийн нэгэн ядуу айлын 11 дэхь хүү болон мэндэлжээ. Аав ээж нь Шведийн Вэстманланд мужийн Тилберга Хэлби дахь эдлэн газар түрээсээр фермийн аж ахуй эрхэлдэг тариачид байв. Гурван настай байхад нь аав нь, есөн настай байхад нь ээж нь нас баржээ. Ларсон хүү өөр нэгэн фермерийн үйлчлэгч хүү болов. Дараа нь морины жүчээ цэвэрлэдэг, моринд тэжээл өгдөг “морины жүчээний хүү” болов.