“ДЭЛҮҮН БОЛДОГ” НЭРИЙН УЧИР

Түүхэн сударт Чингис хааны мэндэлсэн газрыг “Ононы дэлүүн болдог” гэж тэмдэглэсээр ирсэн. Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онхуд Сангажавын Жамъян гүн 1928 онд Онон голын дагуу явж судлаад Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурын хойд хөвөөнд “Дэлүүн болдог” байна гэсэн санааг анх гаргажээ. Тэрбээр “зүүн ба баруун хоёр нуурын нэр нийлээд Дэлүүн болдог болсон тул энэ газар мөн” хэмээн үзээд, “Хэнтий уулын баруун өмнө зүгт, Хэрлэн голын баруун талд байх Дэлгэрхан хэмээх уулын өвөрт Дэлүүн өндөр хэмээх битүү модтой нэгэн тарган ухаа байхыг харлаа. Тэр ухааны зүүн урд Хэрлэн голын зүүн талд зүүн өмнөөс нь орсон их замыг “Болдагийн ам” хэмээдэг, тэнд Чингис хаан төрсөн гэж нутгийнхан ярьж байна” хэмээжээ.