МОНГОЛ ОРНЫ ХАМГИЙН ТОМ ТОГТМОЛ НУУР: УВС НУУР

Манай улсын анхны Дэлхийн өв болох Увс нуурын ай сав газрыг 2003 онд болсон Дэлхийн өвийн хорооны 27 дугаар ээлжит чуулганаар байгалийн өвийн ангиллаар ОХУ-тай хамтран Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн билээ. Тус өв сая гаруй га газар нутгийг эзлэн оршдог. Увс нуур нь Төв Азийн хээр тал нутаг дахь гүехэн устай ханасан давст нуур бөгөөд Азийн нүүдлийн шувуудын амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг. Увс нуурын ай сав газарт олон төрлийн шувууд, мэрэгчид болон ирвэс, аргаль угалз, янгир зэрэг ховордсон ан амьтан байх бөгөөд уг газар нь энэ бүс нутгийн биологийн олон төрөл зүйлийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг дэлхий дахины үнэ цэнтэй байгалийн хосгүй гайхамшигт өв юм.